Saturday, May 5, 2018

Хар нүх

 Хар нүх гээд яриад байна. Үүнийг маш энгийн үгээр тайлбарлаач?
- Энэ бол маш сонин биет байгаа юм. Үүнийг төсөөлөөд бодоод үзье л дээ. Нар байна гэж бодьё, маш их масстай. Маш олон нар нийлбэл юу болох вэ? Олон нар нэг дор цуглаж болно ш дээ, нэг сая нар, 10 сая нар, тэрбум нарны масс нэг дор цуглах боломж байгаа юм. Яагаад гэхээр хүндийн хүчний нөлөөгөөр ойр хавьд байгаа юмсаа татдаг хууль бий. Нэг газар нэг төрлийн биш масс цугласан үед ойр орчных нь татагдаад том биет үүснээ дээ. Бид хүндийн хүчнээс юм татаж гаргахын тулд маш хурдтай юм хөөргөдөг биз дээ. Дэлхийн татах хүчнээс гарахын тул секундэд найман км хурдтай байх ёстой гэж эрдэмтэд тооцоолсон байна. Тэр хурднаас илүү, гэрэл ч гүйж гарах боломжгүй тийм биет байдаг юм биш байгаа гэдэг таамаг эрдэмтэд 200 жилийн өмнө гаргаж, судлаад байсан. Бидний амьдран байгаа ертөнц бол 10 тэрбум нар нийлж нэг аймаг болж байгаа юм. Тэр аймгийн цөм гээд нэг юм байнаа даа. Тойроод олон нар эргэлдэж байдаг. Тэр цөм нь хар нүх юм биш үү гэсэн таамаг байгаа. Нарыг тойроод гариг эргэлдэж байдаг шиг, цөмөө тойроод олон нар эргэж байж болох юм. Хар нүхний физик гэдэг маш их сонирхол татсан, эрдэмтэд маш их судалж байгаа тийм зүйл л дээ.

- Одоо бол таамаг төдий л зүйл үү?
- Таамаг л даа. Гэхдээ хоёр жилийн өмнө дөрвөн сая нарны масстай тэнцэх биет олсон байгаа юм. Хар нүх гэж яагаад нэрлэсэн гэхээр тийшээ юу ч явуулсан алга болно гэсэн үг. Юу ч буцаж ирэхгүй. Тэгэхээр хар нүхийг судлаад яах юм гэсэн асуулт гарна. Юу ч үзэгдэхгүй, ойролцоо байгаа юмаа сороод авчихна. Гэхдээ эрдэмтэд ертөнцийн үүсэл, хөгжилд хар нүхний ойлголт маш хэрэгтэй зүйл юм гэж үзэж байгаа. Өөр нэг гайхалтай зүйл нь, хар нүх рүү юм явуулахад алга болчихдог, өөрөөр хэлбэл, мэдээлэл алдагдах сонин үзэгдэл гарч ирээд байгаа. Материйг устахгүй, алга болохгүй, хоосонд шингэхгүй гэдэг. Гэтэл хар нүх рүү юм ороод алга болчихож байна гэдэг тэр ойлголтыг алга болгочихож байгаа юм. Би нэг тоон мэдээлэл явуулчихлаа гэхэд ороод алга болчихно. Уг нь нэг газар байж байх ёстой. Ингэхээр мэдээлэл алдагдах үзэгдэл гараад байна. Өөр нэг гайхалтай зүйл нь хоосонд гэрэл гарах үзэгдэл байх ёсгүй биз. Тэгвэл хар нүхний ойролцоо ийм үзэгдэл байж болох юм гэж эрдэмтэд үзэж байгаа. Яагаад хар нүхний ойролцоо хоосноос гэрэл цацраад байна вэ? Үнэндээ хоосон гэдэг нь физикийн хэлээр хоосон биш, үй түмэн зүйл байгаа. Үүнийг вакуумт төлөв гэж нэрлэдэг. Нүдэнд үзэгдэхгүй тэр зүйлсийн зарим нь хар нүхэнд сорогдон орж, зарим нь бидний зүг гүйснээс гэрэл болж ойж гарах магадлалтай гэж таамагладаг. Тэгэхээр хар нүхний ойролцоо орон зай, огторгуйн хугацаа шатаж халах нь. Энэ мэт сонин зүйлс бий.
- Тэгвэл хар нүх хэр олон байх магадлалтай вэ?
- Хар нүх жижигхээн байж болно. Заавал нар шиг том байх албагүй.
- Жижиг байсан ч юм ороод алга болох уу?
- Тэгнэ. Заавал биеийн том жингээс болж байгаа юм биш. 2007 онд Женев хотод байдаг Европын цөмийн судалгааны төв эгэл бөөмийг урсгадаг 27 км байгууламжийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр жижиг хар нүхийг эрэх боломж гарч байгаа. Хэрэв бид жижиг хар нүхийг нээх юм бол хүн төрөлхтний түүхэнд шинэ нээлт болно. Хар нүх заавал том байх ёсгүй. Манай нарыг шахаад 10 км диаметртэй жижигхэн бөөрөнхий болгочихъё. Нар бол одоо сая шахуу диаметртэй шүү дээ. Ингэж багасгахад хар нүхний шинжтэй болж байгаа юм. Дэлхийг нэг см радиустай жижиг бөөрөнхий болгоход мөн л хар нүхний шинжтэй болно.

0 comments:

Post a Comment

 
#blog-pager{clear:both;margin:30px auto;text-align:center; padding: 7px; } .blog-pager {background: none;} .displaypageNum a,.showpage a,.pagecurrent{font-size: 13px;padding: 5px 12px;margin-right:5px; color: #AD0B00; background-color:#FAB001;} .displaypageNum a:hover,.showpage a:hover, .pagecurrent{background:#DB4920;text-decoration:none;color: #fff;} #blog-pager .pagecurrent{font-weight:bold;color: #fff;background:#DB4920;} .showpageOf{display:none!important} #blog-pager .pages{border:none;}